Эрх, эрх чөлөөний хязгаар хаана орших вэ?
Эрх, эрх чөлөөний талаарх асуудлыг ойлгон, танихын тулд хүн, түүний мөн чанарыг урьтаж мэдэх хэрэгтэй хэмээн би бодлоо. Хүн үүсэн бий болсон цагаасаа хойш өдийг хүртэл цаг мөч, хором бүрт хөгжсөөр ирсэн билээ. Тэрхүү хөгжлийн үе шат бүр харилцан адилгүй байсан бөгөөд хүн бол байгаль, нийгмийн хөгжлийн бүтээгдэхүүн бөгөөд хүний тухай асуудал нь нэг талаас байгаль биологийн нөгөө талаас нийгмийн мөн чанарыг тусгаж байдаг ажээ. Хүмүүс өөрсдийн амьдрах арга замыг олж, өөрсдийн нийтлэгийг бүрдүүлж, нийгмийг бий болгосон тэр цагаас өнөөг хүртэл тэрхүү "нийгэм" нь олон шалгуур, үе шатыг давсаар ирсэн бөгөөд энэхүү түүхэн үе шат бүр нь өөр өөрийн гэсэн онцлог, өөр өөр зорилгыг агуулж байсан. Эрдэмтэд судлаачдын үзсэнээр "Эртний хүй нэгдлийн үеийн овгийн байгуулал задарч, хөдөлмөрийн хуваарь үүссэн" тэр үеэс нийгмийн хөгжил эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл овгийн байгуулал задарснаар захирах, захирагдах харилцаа үүсч, хүмүүсийн хийдэг ажил нь өөр хоорондоо адилгүй, түүгэээр үл барам хариуцлага нь ч ялгаатай болж эхэлсэн байх нь... Чухам энэ үеэс өмч гэсэн ойлголт бий болжээ гэж ойлгож болохоор байна. Тэгвэл энэ үеэс эрх болон эрх чөлөө гэсэн ойлголт үүссэн байж таарна. Магадгүй хэн нэгний эрхээр нөгөө эрх хязгаарлагдах /өөрөөр хэлбэл зөвхөн өөрт ногдсон өмчийн хэсгийг ашиглах гэх мэт/ ёс энэ үед тогтсон байж болох юм.
Овгийн байгуулал задарснаар хөдөлмөрийн хуваарь яаж тогтов?, захирах, захирагдах харилцааны захирагч нь хэн байв? гэх мэт олон асуулт үүнээс урган гарч ирнэ. Үүнээс өмнө овгийн харилцаанд эхийн эрхт ёсноос эцгийн эрхт ёсонд шилжсэн байдгаас харвал эхэн үедээ хүндлэлд захирагдаж байгаад байгалийн хүчин зүйл, бусад нөлөөллөөс шалтгаалан хүчтэйд захирагдах болсон байна. Тиймээс ч хөдөлмөрийн хуваарь үүсмэгц хүчтэй нь тэргүүлэх болсон биз. Үүнээс үүдэн эрх, эрх чөлөө хэмээх ойлголтыг "Хүний өөрийн хүсэл зориг, зорилгоо биелүүлэх боломж, бололцоо, чадвар" гэж тодорхойлж ирсэн байна. Тиймээс эрх гэдэг нь бие хүний үнэ цэнийн тухай асуудал мөн байхын сацуу тэрхүү эрхээ хэр зэрэг ухамсартайгаар зөв зүйтэй эдэлж, хэрэгжүүлэхээс хамаарч түүний нэр хүнд, нийгмийн үнэ цэнэ өсч эсхүл буурч байдаг бололтой. Эрх нь эрх чөлөөтэй нягт холбоотой байж өөрийн мөн чанарыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие хүний нийгэм дэх эрх зүйн байдлаас хамааран эрх чөлөөний хэмжээ тодорхойлогддог. Хүний эрхийн ойлголтын танин мэдэхүйн эх үндэс нь ХТӨ V-VI зууны үед эртний Грекийн Софистуудын боловсруулсан жам ёсны буюу заяагдмал эрхийн сургаалиас эхтэй аж. Хүний эрх болон эрх чөлөөний тухай асуудал нийгмийн хөгжлийн үе шат бүрт янз бүрээр тодорхойлогдож, нийгэм улс төрийн хүрээнд хамгаалагдаж, зарим үед бүр хэлэлцүүлэгдэлгүй орхигдуулсан нь ч бий...
Энэ талаарх ойлголт нь түүхэн үзэгдэл агаад тухайлбал хүмүүсийн асар олонхи нь боол эзэмшлийн үед эзний "өмч", хамжлагын харилцааны үед "хагас өмч", олон үеийн хаант төрийн үед ард, иргэд, хаад, ноёд, феодалиудын "хадмал зарц" байсан нь эдгээр нийгэмд хүний эрхийн асуудлыг төрийн бодлого, улс төрийн харилцааны түвшинд авч үзэж байгаагүй төдийгүй тэдгээрийг эзний өмчөөс зугтахыг, эздэд нь сул тавихыг хориглосон хууль үйлчилж байсан гашуун түүх бий. Гэвч хүн төрөлхтөн өөрсдийн эрх, эрх чөлөөг эдлэх боломж, арга замыг ямагт эрэлхийлж, түүнийгээ бүрэн дүүрэн хангахын төлөө уйгагүй тэмцсээр ирсэн билээ. Энэ бүх хүсэл зориг нь хүний эрхийн үзэл санааны илэрхийлэл болж ганц нэгэн улс орны төдийгүй Олон улсын эрх зүйн хүрээний баримт бичгүүдэд илэрхийлэгдсээр иржээ. Хүний эрхийн баталгааг хангах, Засгийн дур зоргоороо эрх мэдлийг хязгаарлахад 1679 онд Англид батлагдсан "Харьяат албатын эрх чөлөө улам сайнаар хангах тухай болон далайн цаана цөлж хорих явдлаас сэргийлэх тухай акт" /Hedeas Corpus Amendment act/ онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ баримт бичигт анх удаа байцаан шийтгэх ажиллагааны чухал зарчим болох бие хүний халдашгүй байдлын баталгааг бэхжүүлсэн бөгөөд энэ мэтчилэн хүн төрөлхтний нийгэм буюу өөрийн амьдрах орчин, эрх, эрх чөлөө цаашлаад өөрсдийн мөн чанарыг хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэл нь нийгмийн хөгжлийн үе шат бүрт харилцан адилгүй тусгагдсаар өдийг хүрчээ. Тэгвэл бид өнөөдөр АРДЧИЛСАН гэх тодотголтой, өөрсдийн бүтээсэн, бүтээлцэж буй нийгэмд амьдарч байгаа ч хүн бүхэн эрх, эрх чөлөөтэй байж чадаж байна уу? гэсэн асуултад өөр өөрийнхөөрөө хүссэнээрээ хариулж, тэр хариултаа " АРДЧИЛСАН" гэдэг үгээр улам бүр тодотгон аж төрж байна. Эрх, эрх чөлөө гэх зүйлийг миний бодлоор хүн өөрөө өөртөө тодорхойлно. Хэн нэгний хувьд дэлхийгээр хэрэн хэсч, элбэг мөнгөтэй байх нь эрх чөлөө бол харин өөр нэгэнд зөвхөн мөнгө эрх чөлөө нь байх жишээтэй... Харин таны бидний эрх, эрх чөлөөний хязгаар хаана оршиж байна вэ? Өнгөрсөн нийгмийн байгууллын үеүдэд эрх гэж тооцогдоогүй олон зүйлс, зарим тохиолдолд үүрэг байвал зохих зүйлсийг ч бид өдгөө ЭРХ, МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ хэмээн тодорхойлж болох болсон нь магадгүй бас л нэг ЭРХ-ээ эдэлж байгаа хэрэг мөн ч юм шиг...
Бидний өнөөдрийн АРДЧИЛСАН, иргэний нийгэмд хүний эрх өмнөх үеийн нийгмийн хөгжилтэй харьцуулахад ТӨГС гэж хэлж болохоор хэмжээнд хамгаалагдсан мэт боловч Винстон Черчилийн үгийг зээлдэн хэлбээс "Ардчилал бол тийм ч сайн зүйл биш, гэвч хүн төрөлхтөн өнөөг хүртэл үүнээс сайныг олоогүй байгаа" билээ.
Ардчилсан нийгмийн иргэд бидний эрх, эрх чөлөөний хязгаар харин хаана оршдог вэ?
"Амьдрал бол эцэс төгсгөлгүй төгөлдөржилт юм" Христиан Хеббель
2011 он
Comments
Post a Comment