...Сүү аваарай...
Чийг үнэртсэн, сэвэлзүүр салхитай зуны нэгэн өглөө хүүхэд ахуй насандаа эргээд нэг очсон мэт сэтгэлээр сэрлээ... Дуг нойрон дунд ахимаг насны эмэгтэйн "Сүү аваарай, сүү аваарай..." гэх чимээн хангинан сэрээж орхив. Бяцхан байхад минь ийм нэгэн чимээн өглөө бүр сэрээдэг байсансан. Хотын захад амьдардаг үнээ малтай, эсвэл хөдөөнөөс ирсэн малчид өглөөгүүр ургахын улаан нартай уралдан хотод ирээд инйхүү шинэ сүүг хотын төвийн бидэнд хүргэхээр ирээд "сүү аваарай" хэмээн орилоход тэр үед айл бүрт байдаг байсан 3 литрийн питанаа бариад л гардаг байсан үесээ тэрхэн зуур санагалзав.
...Хүмүүс ингэж сүү зарж, бид ийн зардаг сүүг авахаа болиод олон жил өнгөрчээ. Ийм л үед өсч том болсон болохоор өглөөний энэ л чимээн чихэнд чийртэй биш харин ч сэтгэлд дотно, хүүхэд насыг дуудан хашгирах мэт...
Нойрноос сэрэхдээ өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорсоор, өөрийн эрхгүй хүүхэд ахуй үеэ санагалзан бодож хэвтлээ. Байрны хүүхдүүд нэгнээ андахгүй, зуны амралтаар бол өглөөний цайгаа уучихаад нэг нэгнийхээ хаалгыг тогшиж, цуглаж байгаад л тоглоно, тоглоомын талбайд өдөржин шуугилдаад ээж, аавыг дуудах үед найзуудаасаа салж хагацаж ядан гэрлүүгээ ордогсон. Тэр үеийн 50-н ундаа, 20-н шивээстэй бохь, 100-н зайрмаг, арай үнэтэй нь 150₮, 5-н гаа тансаг амттанд тооцогдож 200₮ ээж аав өгвөл баян болчихоод л орцн ы найзуудаа даагаад хэсэгтээ л "од" нь явна. Талх 250₮ байсан гэхээр арга ч үгүй биз. Энэ бүхнийг бодмогц өөрийн эрхгүй инээмсэглэн байв. Мөнгөний ханшийн тухайд ийм хэдий ч сүүний хувьд бид шинэ сүү ууж чадахаа больчихсон байлаа.
...Нартай уралдан босоод хэдэн үхрээ саагаад, саасан сүүгээ саванд хийн шинэхэн сүүгээ борлуулахаар ирдэг байсан тэдгээр "Сүү аваарай"-чууд ч бас бидний хүүхэд насны дурсамжийн нэгээхэн хэсэг байсаар байгаа юм байна хэмээн бодох зуур инээмсэглэн байв. Бяцхан зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болдог нь юутай гайхалтай... "Сүү аваарай, сүү аваарай..." гэх чимээн наашилсаар, улам чанга сонстоход цонхоороо нэг харвал хуучирсан ягаан торгон дээлтэй эмээ питантай сүүгээ бариад яваа бараа нь харагдлаа. Ялгаа нь манайд питан байсангүй...
Comments
Post a Comment