Мөрөөдөх хичээл
Бүгд мөрөөдөх дуртай, мөрөөдөл яг л мөхөөлдөс шиг... Амттайхан, гэгээхэн, бодлоос гарамгүйхэн...
Зүйрлэвээс өглөөний нарны хурц гэрэл уулын цаанаас мандахдаа ойн зах дахь бяцхан модон байшингийн цонхыг нэвтлэн гийгүүлж, халуун кофены үнэр хамар цоргисоор өглөөг угтаад, цонхоор гадагш харвал цасанд нэвсийн дарагдсан цагаан ойг харан зогсох шиг... Ялгаа нь мөрөөдөл чамайг ойд аваачихгүй.
Гэсэн ч мөрөөдөл яг л хөөсөн чихэр шиг...Хөвсгөр, хэний ч хүслийг булаам, бас амттайхан. Хүүхдийн паркад нэг их үнэтэй биш зарагддаг ч түүнийг л авахгүй бол хүүхдийн парк гэж нэрийдэх хэрэг юусан билээ хэмээн бодоход хүргэх ягаахан өнгөтэй, хөвсгөр хөөсөн чихэр...
Мөрөөдлийн талаар ийн дүрслэн бодох зуураа мөрөөдөлд умбаж явсан хүүхэд ахуй насаа нэхэн дурслаа. Хүүхэд насыг амттай, жаргалтай болгодог зүйл чинь тийм ээ мөрөөдөл мөн шүү дээ...магадгүй сэтгэн бодох чадвар тогтох үйл явц нь мөрөөдөлтэй хобоотой, мөрөөдөл үүнд маш их нөлөөтэй бололтой. Ургуулан бодох тусам уураг тархинд нугалаа үүсч, төсөөлөхүй хөгжсөөр магадгүй тэр төсөөлөх чадвар нь илүү хөгжсөн хүмүүс гоц авъяастан, уран зураач, хөгжмийн зохиолч болдог байхыг хэн үгүйсгэх вэ???
Үүний дараа хэзээ хамгийн сүүлд гэнэн бяцхан жаал шиг мөрөөдөн сууснаа бодлоо. Бодит ертөнцөд "өнөөдрөөр" амьдраад хэдийнэ олон жилийг үджээ... 14 настайдаа уншсан ганцхан ном миний бүхэл бүтэн мөрөөдлийн талаарх бодлыг өөрчилж, хийсвэр ертөнцөөс бодит ертөнцрүү, "өнөөдөр" гэх гаригруу намайг шидчихсэн байлаа...Би маш ХҮЧТЭЙ шидэгджээ. Тэр л үеэс дахин мөрөөдөх хүсэлгүй, ийм зүйлд цагаа барахгүй болтлоо гэмтэл аван шидэгджээ.
Бага насандаа зүгээр л хөгжилтэй байдлаар хүлээн авч байсан Жеймс Метью Барригийн "Петер Пен ба далайн дээрэмчин" үлгэрийг хорь гарсан хойноо л утгыг нь сая нэг ойлгож авах шиг. Хачирхалтай нь хүүхэд насандаа хэд ч ахиулж үзээд ойлгодоггүй байсан тэр нандин мэдрэмж, төсөөллийг хорин хэдэн насандаа авч байсан нь гайхалтай санагдаж, өөрийн эрхгүй инээмсэглэн байв. Бяцхан насны гайхалтай дэврүүн мөрөөдөл, хүслийг насанд хүрсэн зохиолч тийн дүрслэн бичиж, хэдэн зуунаар мартагдахгүй "МӨРӨӨДӨХ ХИЧЭЭЛ"-ийг хүн төрөлхтөнд заан, үлдээсэн нь гайхалтай гэхээс өөр юу гэх билээ... Дөрөвхөн үг " I DON'T WANNA GROW UP!!!"
Дахин мөрөөдөх хүсэл надад төрлөө. Хэний ч үгийг сонсохгүй, юуг ч юутай ч харьцуулахгүй, зөвхөн биелсэн мэтээр хүссэн бүхнээ төсөөлөн мөрөөдлийн орноо зураглах нь намайг тэрхэн мөчид аз жаргалтай болгож чадах байлаа....
Comments
Post a Comment