Намайг ИП МАН гэдэг

       
Саяхан телевизийн нэгэн сувгаар Хятадын тулааны урлагийн гайхамшиг болон Хятад улс дахь Японы эзэрхийллийн түүхийг өгүүлдэг ИП мастер киног үзэн суулаа. Мэдээж уг киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор биз. Хятадын алдарт жүжигчин, кунг фу мастер Донни Ен уг киноны гол дүрийг бүтээсэн билээ. Хүүхэд ахуй насандаа дурлан үздэг байсан киноны минь нэг, бас ч үгүй тулааны урлагийн элементүүдийг гайхалтай дүрслэн харуулдаг болохоор их л шимтэн үздэгсэн. Гэтэл олон жилийн дараа тэрхүү киног үзэхэд авах мэдрэмж нь өөр байсан нь сонин... Бага насандаа зөвхөн түүний гайхалтай кунг фу, уран техникийг нь л үзэж биширдэг байсан киноны жинхэнэ утга санааг тэрхэн үедээ үл ойлгодог байснаа анзаарсан юм. Киноны хамгийн гол зангилаа, түлхүүр нь тулааны урлагтаа биш, Япончууд Хятадыг хэрхэн эзэлж, дарангуйлж байсанд бус ИП-МАН Япон цэргүүдтэй тулалдсаны дараа Япон генерал түүний нэрийг асуухад "   Би бол Хятад хүн" хэмээсэн хариултанд оршиж байв. Тэр л үгийг сонсоод толгойд нэг юм зурсхийх шиг болж, цээжний голруу нэг зүйл хатгачих шиг болчихов...
...Хүний хүч чадал гэдэг гагцхүү биеийн хөгжлийн илэрхийлэл биш агаад тэдгээр нь оюун бодол, төлөвшил, өөрийн нь үнэ цэнэ, ухамсар оршихуйн илэрхийлэл болж байдаг ажээ. Найруулагч тэрхүү гайхалтай зангилааг дөрөвхөн үгэнд багтаан илэрхийлсэн нь юутай гайхалтай. Аливаа хүн амьдралынхаа туршид амьд ахуйдаа өөрийн үнэт зүйлийг бий болгож, түүнийгээ дээдэлж, өөрийн сартахуун, итгэл үнэмшлийг бий болгож түүнийхээ хүчээр үйл ажиллагаа явуулдаг байна. Хүн бүрт өөрийн үнэт зүйлийн чиг баримжаа бий төдийгүй өөрийнх нь хамгийн их дурсаж, хайрласан зүйлст тэдгээр нь илэрдэг болохыг ИП-МАН дасгал, сургуулилтаа хийх бүртээ бясалган, оюундаа тунгааж буйгаар дүрслэн харуулж буй...
... Японы Бүшидо буюу самурайн ёс зүйн хуулинд хэрхэн шударга тулалдах, хүн чанар, хүч чадал, ёс зүй гэж юу болох талаар сургадаг бөгөөд ялалтын нууц нь дайсныхаа үнэт зүйлийг хамгийн тэргүүнээ үгүй болгосон цагт жинхэнэ ялалт болно хэмээн үздэг. Үүнийг ч уг киноноос бэлхнээ харж болохоор байлаа. Японы генерал ИП-МАН-ыг халз тулаанд дуудаж буй нь зүгээр ч нэг сүр хүчийг илэрхийлэх гэсэн оролдлого биш бөгөөд Хятад түмний хайрладаг биширдэг нэгэн бодгалийг үгүй хийвээс Хятад ардын үнэт зйлийн нэгээхэн хэсэг, горьдлого, найдварыг нь таслах гэсэн зорилго бийг харж болохоор байв. Чухамхүү энэ санаа нь ялагдлын дараа киноны гол дүрийг буудаж буйгаар илэрхийлэн гаргажээ. Итгэл найдвар, үнэт зүйл, хүндлэл, бишрэлд нь халдахад хүн хэрхэн сэрж, ямар хариу үйлдэл үзүүлж болох нь мөн л киноны сүүлийн хэсгээс харагдаж байлаа....Нэг цаг гаран хугацаанд үргэлжлэх Хятадын тулааны урлагийн их мастерийн намтар, эр зоригийг өгүүлэх уг киноноос авах зүйл, сурах юм дэндүү их ажээ. Аливаа хүн өөрийн үнэт зүйлтэй, хүндэлж, бишрэх мэдрэхүйтэй байхдаа хамгийн их хүч чадалтай байдаг бөгөөд хүч чадлаа ямар үед, хэрхэн ашиглах нь түүний зан үйлийн горим болж түүнийг илэрхийлж, бусдад хүлээн зөвшөөрүүлж байдаг юм байна хэмээн би тунгаасан юм... Харин таны үнэт зүйл юу вэ?

"Би мянган цохилт мэддэг хүнээс айхгүй, харин нэг цохилтыг
 мянга давтсан хүнээс айна" Брюс Ли

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"