Өнөөдрийн сурах хичээл маргааш идэх маслотай талх
...Сурагч ахуй насанд Алгебрийн хичээл заадаг цөөхөн буурал үстэй, гялалзсан толгойтой хөгшин багш маань хамар дээр нь унасан ойрын харааны жижигхэн дөрвөлжин нүдний шилээ дунд хуруугаараа дээш болгох үедээ ийн хэлдэгсэн.
Танхимд хүүхдүүд бужигнаж, багшийн дууг даван хашгирсан танхимд өвгөн багшийг ийн хэлэхэд биеийн хөдөлгөөнийг нь дийлэнх нь шоолж, их л инээлдэж, шоолцгоодогсон. Өвгөн багшийн бага нас хөдөө талд, хонь хургатай тоглон өссөнөө тэрээр их л ярих дуртай, хөдөөний хүүхдүүд хэрхэн хичээлээ давтаж, гэрийн ажлын хажуугаар тог цахилгаангүй үед хэрхэн эрдэмд шамддаг байсныг тэрээр нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол ярьж өгдөг байлаа.
Ааш нь сайхан үедээ хичээлийн цаг дуусаагүй байвал ертөнцийн элдэв сонин, өөрийн сурагч болон оюутан ахуй насныхаа сайхан дурсамжийн талаар яг л үр ачаа тойруулаад үлгэр ярьж өгч байгаа мэт сууж ярьдагсан. Багш барагтаа л инээдэггүй, хүүхдүүд шуугиж, үймэлдэхэд уурлах нь ховорхон, нэг тэсэрвэл "мулгуу хоолны савнууд" гээд нэг хялам хийгээд цүнхэндээ бүх ном, үзгээ хийгээд л гараад явчихдаг байв. Алгебр заадаг хөгшин багшаас тооны хичээл сурсан уу? гэвэл мэдээж сурсан. Өвгөн багшийн математикийн чадвар хэн хүнийхээс илүү тул тухайн үедээ л бүгд Дондов багшийн шавь гэдгээрээ бахархацгаадаг, бас ч үгүй Дондов багшийн гарын шавь нарын дийлэнх нь "номын хэнээтэн" гэж хочлогдсон охид байлаа.
Гэвч өвгөн багшаас сурсан зүйл маань ганцхан математик, тоо томьёолол биш бөгөөд багшийн уурлахаараа хэлдэг, ирээдүйн зорилго, идэх хоолоо олох арга ухааны талаар бодож амжаагүй хүүхдүүдийн цөөн хэдийнх нь толгойруу цохьсон мэт болж, шингэдэг "Өнөөдөр сурах хичээл чинь та нарын маргааш идэх маслотай талх! Ахиухан маслотай талх идэхийг хүсч байвал амьд дээр минь сураад авбал ав" гэдэг үг байсан юм.
Тухайлан өөрт минь хандаж хэлээгүй ч дунд сургуулийн 9-р ангидаа сонссон тэр хэдхэн үгс одоог хүртэл толгойд минь шингэж, хэцүү цаг мөч тулгарах бүрт санаж, зоригждог үг болсон байлаа. Алгебрийн хичээлд сонирхол муутай байсан, уйтгартай гэж бодож зөнд нь хаяхаар шийдсэн хичээлийг ахин цоо шинээр судлах хүслийг төрүүлсэн шигээ оюутан ахуй цагт минь ч шантрах үед энэ л үг хурцалж, багшийн ийн хэлж буй дүр нь нүдэнд тодрон зоригжуулдагсан.
Их сургууль төгссөний дараагаар сурах, шамдах гэх ойлголт арай өөрөөр төсөөлөгдөж, буух болов. Сурагч, оюутан насанд сурах гэдэг нь хичээлээ сайн хийх гэдгээр төсөөлөгдөж, сурагч, оюутан хүнд сурахаас өөр хийх ёстой зүйл байх ёсгүй сайн сурах ёстой гэдэг л зорилгоор хязгаарлагдаж байв. Мэдээж залуу насны дэврүүн мөрөөдлүүд байсан ч тэдгээртээ хүрэхэд хамгийн эчнээ сайн сурах нь миний мөрөөдөлд хүргэх гүүр болох учиртай байсан юм. Гэтэл зорилго, мөрөөдөл бодит ертөнцөд ирэхэд багшийн маань хэлсэн өнөөх үг ахин толгой руу нэг цохио авлаа.... Би одоо амьдралд суралцах
ёстой юм байна......гэх бодол төрж, амьдралд хэрхэн тэмцэхийг сурвал тэр миний хамгийн чухал хичээл гэдгийг ахин ухан ойлгож авсан юм.
.... Одоо ч би амьдралд тэмцсээр, тэмцэлдсээр, мөргөлдөөн тулгарах үед мөргөлдөж, урсгал үерлэвэл зөөллөж явах ухааныг суралцаж явна. Гэвч амьдрал гэх их хичээлээс сурах зүйл үл барагдах агаад гагцхүү энэ хичээлийн дүн нь насны эцсээр гарах тул хамгийн урт, хамгийн сургамжтай хичээл нь энэ ажээ. Өвгөн багшийн 40 минутаар ордог нэг цаг хичээлийн эхний 10 минутанд хүүхдүүд шуугиж эхлэхэд хандаж хэлсэн аравхан секунд зарцуулсан тэр л үг сурагч наснаас минь эхлэн 10 жил байтугай дэргэд байж, буруу зүйл хийвэл араас минь цохих шиг, замаа олохгүй болбол чиглүүлэг болж буй нь хичнээн гайхалтай гэхээс өөр юу гэх билээ.....
Өвгөн багшаасаа төгсөөд холбоо тасарсан ч үргэлжид алтан гадас минь болж явах тэрхүү үг, ухаарлыг хайрласанд нь би насан туршдаа талархаж явна. Өвгөн багшийгаа ямаршуухан байгааг мэдэхгүй ч унаган нутагтаа багш минь энх амар, жаргалтай сайхан амьдарч яваа гэдэгт нь итгэдэг. Багш хүний ухаан ийм агуу, тийм хол ч хэн нэгний сэтгэлийн галыг мөнхөд хөгжөөж явдаг шидтэй болохыг би ийнхүү ухаарсан юм.
Өвгөдийн ухаан хойч үеийн замыг гийгүүлж, тэнгэрийг тэтгэж явдаг бөгөөд хичнээн ном уншив ч хоньчин өвгөдийн холч ухааныг олж эс барна.
2016.08.01
Comments
Post a Comment