...Do you speak English?

... Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө нартай атлаа сэрүүн салхитай өдөр үдээс хойш 17:00 цагийн орчим хотын урд захруу явах шаардлагатай болчихов. Урд зүгрүү чиглэх унаа төдийлэн сайн мэдэхгүй учир ямартай ч төв номын санг чиглэн алхаад тэндээсээ нийтийн тээвэрт суухаар автобусны буудал дээр очмогцоо тэнд зогсч буй хүмүүсээс автобусны чиглэл, маршрут, зогсоолыг асуугаад очихыг зорьсон газраа хэлж чиглэл зааж өгөхийг хүсэхэд 5 хүнэс нэг нь ч хариулсангүйгээр үл барам "ухаан солиотой хүн" харж байгаа мэт зарим нь хяламхийж байлаа. Ирсэн автобусны кондукторуудаас хаа хүртэл явахыг нь асуун зогстол хажууд минь зогсч байсан тааруухан хувцастай, хуруу шахам зузаан линз бүхий нүдний шилтэй өвгөн ирээд "хаа хүрнэ гэнэ ээ? охин минь" гэхэд нь "Нисэх очих гэсэн юм. Ямар автобусанд суувал болох вэ?" гэтэл нэгэн автобус ирэхэд тэр зүг заагаад өөрөө хамт суулаа.  Өвгөний зүүсэн шил хуруу шахам зузаан байх бөгөөд үс нь санчигнаасаа уусан бууралтсан, нүдний нь оч ялимгүй бүүдийсэн боловч цог жавхаатай хэвээр тэрээр үе үе ярианы тасламж авч байгаа байдал нь залуу насандаа эрдэм боловсролыг илүүтэй эзэмшиж явсан болов уу? гэлтэй... Бидний явах зам нилээн урт ажээ. Зам зуур тэрээр автобусны буудлуудыг нэрлэн зааж өгч, элдэв сонин зүйлсийг ярьж өгч явлаа. Гэнэтхэн өвгөн "When I was young I was studying in USSR. Do you speak Russian?" гэлээ. Хорвоогийн хачин сонин зүйлсийг хамж шимж ярин явахад нь төдийлэн гайхаагүй хирнээ  түүний насны хүн англиар маш цэвэрхэн дуудаж байхыг сонсоод гайхах, бахдах сэтгэл зэрэг төрчихөв. Учир нь түүнийг гаднаас нь харваас хэн ч гадаад хэлтэй гэж хэлэхээргүй, өмсөж зүүсэн зүйлс нь онц гойд зүйлгүй байв. Би ч "No. I can't" гээд л инээтэл "It's okay. Let's speak English...." гэж ирээд л түүнтэй нилээн хэдэн хором Англиар ярилцав. Түүний ярианы өнгө, дуудлага нь гайхалтай цэвэрхэн бөгөөд залуу насандаа ЗХУ-д техникийн инженер мэргэжлийг эзэмшиж, бас ч болоогүй ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн, давхар Герман хэлийг сайн сурснаа дурдаад Германаар ч бас хэдэн өгүүлбэр хэлээд намайг инээлгэчихэв. Өдий насандаа нас биенд хүрсэн 3 сайхан үр хүүхэдтэй талаараа ч дурдлаа. Өвгөн энэ бүхнийг ярьж байхдаа түүний нүдэнд оч гялалзан байх шиг надад санагдсансан... Буух буудал нь болсныг тэр хэллээ. Би түүнд сайхан сэтгэлээр тусалсанд нь талархсанаа илэрхийлээд түүний англи хэл хичнээн гайхалтай болох, мэдлэг нь хичнээн өргөн болохыг хэлээд аз жаргалыг хүсэхэд өвгөн автобуснаас буухдаа 2 буудлын дараа буугаарай гэчихээд гараараа даллан хоцорсон юм...
Хамгийн ихдээ л 20 минут зэрэгцэн суугаад ярилцсан тэрхэн үл таних өвөөгөөс би нэг биш хоёр биш гурван зүйлийг мэдэж, ойлгож авсан юм. Өвөө төдийлэн муухан биш боловч элэгдэж хуучирсан бор пиджак, хуучны загвар бүхий бүрх малгай өмссөн байсан ч 1-рт: хүн ямар ч үнэтэй, эсвэл яаж ч хуучирсан байсан өөрт буй хувцасаа цэвэрхэн өмсөж байвал муухай харагддаггүй ажээ. 2-рт: Хүн юу ч өмссөн яаж ч харагдаж байж болно, тэр ямар ч төрхтэй байж болно. Гагцхүү бусдыг гаднаас нь хараад эхний бодлоор, өнгөц үзэмжээр дүгнэж болохгүй юм байна... 3-рт: Хүний сайхан сэтгэл, тусч чанар гэдэг нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах авч өчүүхэн тус ч өрөөлийн сэтгэлийг бүлээцүүлж, урмыг хөгжөөж чаддаг ажээ. Үл таних тэрхүү өвөөд одоо ч би талархсаар яваа бөгөөд энэхэн талархал минь түүнд насыг нэгээр нэмэх болтугай хэмээн хүсч явна...

Хүн ариун чагаа тэнгэр ч биш, адгуус араатан ч биш. гагцхүү чагаа тэнгэр болохыг хүсээд эхлэхээрээ л адгуус араатан болж хувирдагт зовлон нь байгаа юм." Блез Паскаль

2015.06.05

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"