14:37

...Товлосон цагтаа уулзахаар тохирсон хүнээ ирэх дөхөж байгаа гээд цагаа хартал бугуйн цаг маань зогсчихож. 2 жил зүүсэн цагныхаа зайг өмнө нь нэг ч солиулаагүйгээ санаад зай нь дуусчээ гэж бодонгоо ажилтайгаа ойр байх цаг засварын газрыг лавлах дугаараас утасдаж асуулаа. Аз болоход яг хажууханд нэг засварчин байна хэмээн лавлах утасны оператор эмэгтэй хэлж, хийж байсан зүйлээ орхиод гарлаа. Цаг маань үүрээр зогссон бололтой 05 цаг 17 минутыг заана. 

Ажлаасаа гараад барьцаалан зээлдүүлэх газарт байрлах цаг засварын газрын үүдээр ороход цаг засварчин ирээгүй байлаа. Гар утасныхаа цагийг харвал 14 цаг 10 минут, уулзалт маань 14:30-аас байсан тул их удахгүй бол хүлээж байгаад солиулчихъя хэмээн бодон суутал ашгүй засварчин орж ирлээ. Нас тогтсон, тос даасан бор царайтай ах цаг засахын хажуугаар түлхүүр хувилдаг аж. "За ямар цаг юм? ах нь харъя" гээд чангаар хэлэхтэй нь зэрэгцээд би цагаа тайлаад өгтөл "Өө зайг нь солино. 5000 төгрөг болно шүү" гэж байна. "За тэгье ээ харин гялалзаарай ах аа би жаахан яараад" гэхэд бугуйн цагийг маань эргүүлээд тагийг нь авах гэж оролдлоо. Анх бэлгэнд авсан өдрөөс зайг нь нэг ч удаа солиогүй, усны хамгаалалттай болохоор таг нь амар онгойхгүй байлаа. Цагчин арын тагийг нь онгойлгох гэж таван минут хиртэй ноцолдов. Хөгширч муруйж байгаа гар нь цагны минь арыг сэвтээчихвий гэсэн шиг их л болгоомжтойхон хөшсөөр нэг онгойлгочихов. Зайг нь ч тэр дор нь сольчихлоо. "За май. сүрхий тагтай эд байх чинь вэ" гээд инээгэд өгтөл зайг нь сольсон атлаа цаг маань зогсоотой хэвээр. Би ч гайхаад "Энэ явахгүй байна. Зай биш өөр юм нь эвдэрчихэж үү?" гэтэл ахин тагийг нь аваад зайг нь сайтар цааш нь түлхэтэл цаг маань явж эхлэв. Цагийг маань өгөх гээд нэг зангаснаа "Ах нь тааруулаад өгөөтхөе" гээд өөрийнхөө цагийг хараад 14:37 гэж амандаа бувтнаад тохируулж өглөө...

   ....Миний зогссон цагны зайг солиод тэр өөрийн цагийг харж байгаад тааруулж өгөхөд тэр өөрийнхөө амьдралын түрүүхэн өнгөрсөн 10 минутыг надад зориулав. Тэр надад тог биш цаг хугацаа дамжуулж, зогсолтоос намайг аварлаа.

Бид өдөр бүр бусдад өөрийн амьдралын цагийг дамжуулж, тэднийг зогсолтоос авардаг. Санаандгүй учраад зам асуусан нэгэнд та замыг нь зааж өгөхдөө ч өөрийн хэдэн хормыг түүнд өгч, түүнийг дараагийн тодорхойгүй хугацааны зогсолтоос аварч байдаг бололтой. Хоногт 24 цагтай байдаг бол бид түүнийхээ хичнээнийг бусдад зориулдгийг мэдэхгүй ч бид салхи мэт жирэлзэн өнгөрөх цаг хугацааны тасралтгүй шилжилтээр бусдад түүнийг өгч, авч болдог ч хадгалж үлдэж болдоггүй нь юутай харамсалтай...

                                    "Их салхи дэнг бөхөөж, түүдгийг хөгжөөдөг" Күнз
2016.09.06

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"