ХУУЧИН НОМЫН ХУДАЛДАА
...Бяцхан
охин байхдаа аавынхаа гараас хөтлөөд хуучин номын худалдааруу явдагсан.
Газар зүй, шинжлэх ухаан, философийн номонд шимтэн дурлагч аавын минь
номын сангийн талаас илүү хувийг шинжлэх ухааны сэтгүүл, философи, шашин
судлалын ном бүтээлүүд эзэлдэг билээ.
Арслантай
гүүрний доор хүүхэд ахуй цагт минь гадаа номын худалдаа байдаг байсан
бол одоо бяцхан мухлаг маягаар зохион байгуулалтанд орж хуучин ном
худалдах болж... Аавтайгаа хамт өдөр нь очоод урд захаас нь эхлээд элдэв
янзын ном сонирхон хойд зах хүртэхэд нь 2 ном авчихаад явж байсан зуны
нэгэн үдэш санаанаас минь огт гардаггүй юм. Учир нь тэр л үед хуучин
номын худалдаан дээр анх удаа "Монте Кристо гүн" хэмээх нэрийг харж
байсан минь тэр байлаа. Дөнгөж үсэг заалагсан, дунд сургуульд ороход 1
жил дутуу байсан үе... Замдаа ааваасаа Монте Кристо гүн юуны тухайн
гардаг болохыг лавлахад гэр хүртэлх замд аав минь ярьж өгч байсан билээ.
Аав минь үргэлж элдэв сонин хачин, байгалийн үзэгдэл юмс хийгээд хуучны
домог, үлгэр, хууч яриаг ярьж өгдөг бөгөөд балчир цагаас тэр бүгдийг
шимтэн сонсож өссөн тул Монте Кристо гүнгийн талаар ч аав нүдэнд
харагдаж, зүүдэнд ортол ярьж өгөх нь тэр... Тэр цагаас хойш уг нэр
толгойноос минь, тархинаас минь гарсан нь үгүй билээ.
...2-р
сарын сүүл, нартай цэлмэг сайхан өдөр байлаа. Шинэхэн цасны жавар
салхинд туугдан хацар хайрсан өдөр гудмаар алхан явтал кино театрын
дэргэдэх усан оргилуур бүхий талбайд хуучин ном худалдаж байна. 50 дөхөж
яваа бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр усан оргилуурын хашлаган дээр
хуучины алдарт зохиолоос эхлээд хүүхдийн сурах бичгийг өрөн тавьжээ.
Яарсан ч үгүй явж байсан тул номнуудыг тайван үзэж, гарчиглан зогслоо.
Тэрхэн үед бяцхан үеийг минь санагдуулан оргилуурын зүүн буланд Монте
Кристо гүнгийн 3 боть номыг эгнүүлэн тавьчихсан байв. Аавын сэтгэлд
хоногштол ярьж өгсөн тэр гайхалтай баатрыг өөрийн мэдрэмж, догдлолоор
уншихыг хүсдэг байсан ч 20 гартлаа уншиж байсан нь үгүй байв. Балчир
насаа санагалзахын хамтаар түүнээ худалдан авчихаад яг л зефирийн
мухлагаас 20 төгрөгөөр хоёр ширхэг зефир авчихсан бяцхан жаал шиг л
догдолж, гэрийн зүг харилаа...
Эхний
ботийг ажил, хичээлийн хажуугаар 7 хоногт уншиж дуусгав. Энэ 7 хоног
бол хүүхэд насны мөрөөссөн он жилүүдийн гомдлыг тайлах гэсэн мэт шунан
уншиж, зүүдлэн сэрсээр өнгөрсөн бөгөөд хамгийн эчнээ сэтгэлийг минь
хөдөлгөж чадсан зүйл нь зохиолын гол дүр хийгээд үйл явдлын аль нь ч биш
бөгөөд хуудас ахих бүртээ зохиолчийн гайхалтай уран сэтгэмж, дүрслэл,
үйл явдлын өрнөл, дэс дарааллыг өрж буйд байсан юм. Тэгсээр 2-р ботийг
яаран шунан уншсаар 4 өдөрт дуусгачихав. Өдөр нь жаахан зай зав гарвал
зохиолынхоо өрнөлийг дотроо төсөөлж, номоо цүнхлээд гарахгүй яав гэж
өөрийгөө зэмлээд орой болмогц гэртээ хариад шуудхан орхигдсон хэсгээс
үргэлжлүүлэн уншсаар дуусгалаа. Дуусмагц нь яаравчлан 3-р ботийг
эхлүүлээд 5 хоног уншиж дуусгасан бөгөөд мөр мөрөөр ахиулан унших бүр яг
л бялуунд оочирлоод ээлж нь дөхөхөд яарч догдолж буй бяцхан хүүхэд шиг
догдолж бялуугаа хурдхан амсахсан гэхээс хорхойгоо дарж ядаж буй мэт
сэтгэл догдолно. Сүүлчийн боть дуусахад амттанаа амтархан идчихээд ахиад
идэхийг хүсэх жаал шиг ямар нэгэн өрнөлийг үгүйлэх нь зохиолын ямар
гахалтайг мэдрүүлнэ...
Хуудас
нь шарлаж, ирмэг нь үнгэгдсэн хуучин номнууд хүслийг бадрааж, зоригийг
хурцлах нь хичнээн гайхалтай төдийгүй энгийн хуучин номын худалдаанаас
өөрийн хүүхэд ахуй насны дурдатгал, хүсэл мөрөөдөл, амьдралын замналыг
худалдан авч болдог нь юутай гайхалтай.
Түүнээс
хэд хоногийн дараа хөөрөл, догдлол нь намжиж амжаагүй мэдрэмжээ
өвөртөлсөөр өнөөх усан оргилуурын номын худалдааг ахин зорилоо...
...Хаврын
салхин зөөлнөөр илбэн нимгэн пальтоны хормой дэрвэнэ... нар шаргал
туяагаа гийгүүлэн урин болсныг илтгэж, зулай төөнөн ээнэ. Зөөлөн үлээх
салхинд эгнүүлэн өрсөн номын хуудсууд сэрчигнэн хүүхэд ахуй насны
дурдатгал сэтгэлд үүрд энэ л хуучин номын худалдаа лугаа хоногшин
үлдвэй...
2015.03.15
Comments
Post a Comment