...Юмс байх ёстой газраа л байх ёстой...


...Энэ үгийг сонсвол хамгийн түрүүнд "Ratatouille" хүүхэлдэйн кино хэн бүхний санаанд буух биз... Бяцхан харх болон авъяасгүй өв залгамжлагч тогоочийн тухай өгүүлэх энэ киноны төгсгөлд хоол шүүмжлэгч Ego энэ үгийг хэлдэг. Ямартай ч дунд сургуулийн сурагч байхдаа энэ киног үзэж, тэр цагаас хойш хэд ч үзсэн уйдахгүй, дуртай болсон юм. Харин энэ киноноос мэдэж авсан хамгийн гайхалтай зүйл нь "Юмс байх ёстой газраа байх ёстой" гэдэг нь байлаа...
Гудамжинд, хичээл дээрээ, гадуур алхаж явахдаа энэ үг толгойноос минь гарч байсан нь үгүй билээ.          Хэд хоногийн өмнөхөн хичээлдээ суухаар сургууль дээрээ очоод гадуур хувцасаа өлгүүлэх гэтэл өлгүүрийн эгч байсангүй. Бид түүнийг "Аниа" гэж дууддаг. Аниа барагтаа л бол ажлаа тасалдаггүй бөгөөд өдөржин хүүхдүүдийн янз бүрийн хувцаснуудыг өлгөж, авч өгч зогсдог, нэг үгээр ажилдаа хариуцлагатай нэгэн бөгөөд би л хувьдаа оюутан болсноос хойш сургуулийн өлгүүрээс хувцас алга боллоо гэж сонсож байсан удаагүй билээ. Аниа ирээгүй байсанд жижүүр ахаас асуутал "Өнөөдөр ирэхгүй бие нь өвдсөн" гэлээ. Өлгүүрч эгч байхгүй учир би ч хувцасаа өөрөө ороод хамгийн булангийн өлгүүрт аваачиж өлгөөд хичээлдээ орлоо. Хичээлийн завсарлагаанаар гадуур хувцасаа авахаар доош буутал хүүхдүүд хувцасаа хаа сайгүй өлгөчихсөн дотор нь орж өөрийнхөө хувцасыг авах нь байтугай орох ч зайгүй хаа сайгүй эмх замбараагүй өлгөчихсөн байлаа. Тэр өдөр хүүхдүүд хувцасаа олохгүй, заримынх нь хувцас алга болчихлоо гээд л бөөн юм болж байв. Маргааш нь аниа ирлээ. Эртлэн ирээд хүүхдүүдийн хувцаснуудыг аваад эмх замбараатай өлгөөд дугаарыг нь өгөөд урьдынхаараа ажлаа хийсээр... Зарим хүүхдүүд түүнийг "Удаан хөдөлгөөнтэй, яршиг түвэгтэй, дүлий" гэнэ. Гэвч тэр хүн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг бөгөөд хэзээ ч бусдын хувцас гээд шалан дээр шидэлж, хамаагүй өлгөдөггүй...Хэдий тэр хүн "ӨЛГҮҮРЧИН" гэх тодотголтой ч хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийдэг гэдгийг би анзаарсан юм.     Өлгүүрчин ч бай, цагдаа ч бай, багш ч бай тэд бүгд л өөр өөрийн үүрэгтэй бөгөөд тэр үүргээ биелүүлж байгаа цагт юмс байх ёстой байрандаа байдаг ажээ. Хүмүүс ямагт бие биенээ нөхцөлдүүлж байдаг бөгөөд аль нэг хэсэг үгүй бол юмс утгаа алдаж, байх ёстой байр нь алдагдаж байдаг бололтой.... Яг л өлгүүрийн эгч ганцхан өдөр ажилдаа ирээгүй байхад эмх замбараагүй байдал үүссэн шиг.....


"ЮМС БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА Л БАЙХ ЁСТОЙ..."

2012.10.02

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"