Сэтгэлийн инерц /Inertia of mind/


Ачаалалгүй замаар хурдтай явж байхдаа тормос гишгэх би дургүй... Тормос гишгэхээр инерциэр  биед нэг л тавгүй мэдрэмж өгөөд байдаг юм. Энэхэн зуур  кондуктор гэх мэргэжил байсан үед автобусанд сууж яваад огцом эргэхэд нь суудлаас унаад эвгүй байдалд орж байснаа санаад инээд хүрээд ганцаараа тас хийтэл хэсэг хөхрөв. Нэгэн бодлын хөгжилтэй ч юм шиг....
...Хурдатгалын хэмжээ нь объектийн цулаас хамаарах бөгөөд  хүнд байх тусмаа, төдий чинээ их хүч гаргаж заасан хурдатгалд хүргэх үед объектийн үзүүлж буй эсэргүүцлийг инерц гэдэг. Энэхүү механикийн үндсийг эртний Грекийн суут сэтгэгч ноён Исаак Ньютон (1643-1727 он) боловсруулсан ба хүч, хурдатгал болон цул (масс) –ын үндсэн харилцан хамаарлыг нээжээ...

Дээрх тодорхойлолтыг нь мэддэг ч би инерцид дургүй. Эчнээ санаж байгаагаар 6-р ангийн физикийн хичээл дээр жижигхэн биетэй боловч бүдүүн хадуун дуутай эмэгтэй багш маань инерцийн талаар зааж байсан юмдаг.

Юмс яагаад инерцид ордог нь сонин биш ч биед яагаад тавгүй байдгийг би гайхдаг. Магадгүй зүгээр л заримдаа хүн аливаа зүйлд хурдаа жигд хадгалахыг эрмэлздэг байх... Инерци ганцхан хөдөлгөөнд биш сэтгэлд явагддаг байж болох юм гэсэн хйисвэр гэмээр бодол энэхэн зуур толгойд минь зурсхийж, ногоон гэрэл асахад би хурдаа аяар нэмэн урагшиллаа. Зам сэлүүхэн, хотын урд зүгрүү явдаг эл замаар бага хурдаар явах жолооч байдаггүй ч зам зурайхын хирээр би алгуурхан жигд хурдаар явж, дээрх бодолдоо автан явлаа... Бүгд гэж хамаатуулж болохгүй ч миний л мэдэх хүмүүсийн дийлэнх нь "Хайр дурлалын харилцаа яагаад эхэлсэн шигээ байж болдоггүй юм бол?", "Аз жаргалтай мөчүүд асар хурдан өнгөрдөг хирнээ зовлон зүдгүүрт үе нь яагаад удаан үргэлжилдэг юм бэ?" гэх зэрэг асуулт тавьж, агсам тавих нь тавьж, цурхиран уйлах нь уйлж байсныг би бишгүй харсан. Мэдээж энэ бүхэнд нь хэн нэгний хэлсэн "Хүн алдах хүртлээ юутай байснаа хэзээ ч мэддэггүй" гэх үг толгойд минь буудаг байсан ч энэ удаа дээрх асуултуудын хариулт арай өөр зүйл байж болох юм шиг санагдчихав. Яг л хэдхэн секундын өмнө би тормос огцом гишгэхэд биед минь тавгүй мэдрэгдсэн шиг...

...Тэгвэл дээрх асуултуудад "Сэтгэлийн инерц" гэдэг үгээр хариулт өгье. Исаак Ньютоны тодорхойлсон шиг тогтмол байгаа төлөв байдал нь өөр төлөвт шилжихэд сэтгэлийн үзүүлж буй эсэргүүцлийг харамсал эсхүл бодрол, эргэцүүлэл гэж тодорхойлоод түүнийг товчхон нэг үгэнд багтаан "Сэтгэлийн инерц" гэж тодорхойлж болохоор.... Тэгээд л магадгүй машин жигд хурдтай явж байгаад эргэлттэй зам дээр тэнцвэр алдаж /эргэж буй зүгийн эсрэг зүгт хүндийн төв үйлчлэх үзэгдэл/ сандаргадаг шиг жаргалыг анзааралгүй явж байгаад хэсэгхэн зовлонтой нүүр тулахад хүн сэтгэлийн барьц алддаг байж болох юм. Энэ үзэгдэлд харамсалтай нь хүний үзүүлж чадах хариу үйлдэл нь "Уйлах, согтох, харамсах, гэмших" төдийхөн байдаг бололтой. Инерцийн бас нэгэн шинж нь анхны хэв шинждээ тэмүүлдэг төлөв бөгөөд бид мөн сэтгэлийн инерц үйлчилж эхлэхэд анх байсан /жаргалтай мөч, сайхан цаг үе, элбэг хангалуун байдал зэрэг/ хэв шинждээ эргэж очихыг хүсдэгтэй адилтгах боломжтой мэт.  Тэгэхээр объектын инерц биед тавгүй мэдрэмж төрүүлдэгт гайхах зүйлгүй юм байна гэж надад санагдав. Яг л үүн шиг сэтгэлийн инерц үйлчлэхэд ч сэтгэлд тавгүй болох бөгөөд тэрхүү сэтгэлийн тавгүйтлийг хэрхэн даван туулах ухааныг магад олох ёстой гэж сэтгэн байлаа...

Харамсалтай нь ИНЕРЦИЙН ОНОЛ-ыг нээсэн үеэс хойш объектын инерцийн үйлчлэлийг арилгах эсхүл биед мэдрэгдэхгүй болгох арга замыг шинжлэх ухаан нээж чадаагүй нь байгалийн шинжлэх ухаан хэзээ ч хувьсан өөрчлөгдөхгүйг нотлох бөгөөд би өөртөө "Сэтгэлийн инерц"-ийг арилгаж болох уу? гэх асуултыг үлдээсэн юм.

...Нэг л мэдэхэд очих ёстой газраа иржээ. Харин инерц хэзээ ч арилахгүй бөгөөд тормос гишгэх бүртээ би дээрх асуултаа өөрөөсөө асуусаар одоог хүртэл олоогүй явна. Харин таны "Сэтгэлийн инерц" хэдийд үйлчилдэг вэ?

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"