Love
...To be young and in love...
Түүний уянгалаг хоолой, зөөлөн аялгуунд уяран, бодолд автан нэг л мэдэхэд зорьсон газраа ирчихсэн байлаа...
.... Сайхан хөгжим сайн дуучны хоолой хослон хэн нэгэнд тайтгарал, эргэцүүлэл авчирч болдог нь юутай сайхан... Өгүүлэгдэх түүх, өвөрмөц хоолойгоороо энэ цаг үед ялгарсан дэлхийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох Lana Del Rey-н дуу намайг цаг ямагт бүүвэйлэх шиг болдог юм. Дууг нь сонсоход цаанаа хөндүүр боловч гүн мэдрэмж өгөх түүний хоолой, видео клипт нь намилзах түүний нуруугаа дагаж асгарсан хар үс...эр хүн байсансан бол түүнд л дурлахсан гэлтэй. Энэхэн мөчид хэдэн жилийн өмнө танил маань "Ланагийн туфль нь болоод төрчихгүй яав даа" гэж хэлсэн үг санаанд орж, нүүрэнд минь инээмсэглэн тодрон байв. Өөгүй галбиртай биш ч тэрээр энэ цаг үеийн "тачаангуй" гэх ойлголтыг өөрийн махлаг гуя, жаахан унжсан сул гэдэс зэргээрээ өөрчилж чадсан ..Be wild, be crazy, die young... энэ бол түүний теором. Олон эмэгтэйчүүдийн унших дуртай, бүр муухнаар хэлэхэд буланд нь орсон эмэгтэйчүүдийг хуулбарлах дуртай бүсгүйчүүдэд зориулсан Космо сэтгүүлд тэрээр ярилцлага өгөхдөө "Би архинд дуртай. Вискиг ганцхан эрчүүд уудаг гэж бодоогүй биз дээ" гэж хэлээд тас тас хөхрөхдөө ч тэр хайр татам байдаг... Учир нь тэр өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тиймдээ ч тэр үзэсгэлэнтэй...
Энэ мэтийг эргэцүүлэн дууны үгийг чагнан сонсож явлаа. Дуулах дуу нь хэзээ ч шавхагдашгүй,ертөнц дээрх хүн төрөлхтний бүтээж чадах хамгийн том ололт ч гэж хэлж болох ХАЙР-ын тухай... Эргэн тойрны найзууд минь дурлалаа гэж, хайрлалаа гэж ярихыг, уйлахыг олонтаа харж байлаа. Тэд бусдыг хайрладаг, дурладаг, бусдад өгдөг, авахыгаа авдаг ч тэдэнд хайр гэдэг үг нь бусдад зориулагдсан шинжээр хэмжигддэг мэт надад санагддаг байсныг тодхон санаж байна... Оюутан ахуйд сэтгэл зүйн багш маань лекцэн дээр дэргэд сууж байсан охиноос "Үнэхээр дурласан залуу чинь цаатан байвал дагаж яваад урцанд амьдарч чадах уу?" гэж асууж билээ. Тэр мөчид охин хэсэг бодсоноо "Чадна аа. Үнэхээр хайртай бол чадна" гэж хариулсан. Хойшлоход бүх л охид "Тийм ээ чадна, хайртай учраас чадна, зарим нь хотод амьдарна гэвэл амьдарна" гэх мэтээр хариулж байлаа. Харин миний толгойд багшийн өгсөн өгөгдөл биш "Охид яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ?" гэдэг л бодол эргэлдэж байсан юмдаг. Одоо ч тэр охид яагаад тэгж хариулсаныг би гайхдаг. Тэд үнэхээр бусдад тийм их хайртай байж чадах юм гэж үү?
Тэр охидод нэг л зүйл дутагдаад байлаа. Гэхдээ хэн нь ч түүнийгээ мэдрээгүй... Магадгүй цаашид ч мэдрэхгүй...... Тэр зүйл нь ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАЙР...
Бусдад өөрийнхөө хэсгээс хичнээнийг бол хичнээнийг бид өгч чадах ч тэр өөрийгөө хайрлах хайр гэгч өчүүхэн хэсэгхэн зүйлээс тасархайг ч өгч боломгүй надад санагддаг... Харин хүмүүс үүнийг "Амиа хичээх"-тай эндүүрдэг.
Хаа явсан газраа тунхаглах дуртай миний өнөөх "ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАЙР" гээч нь харин эмэгтэйн үнэт зүйлээр хэмжигдэх нандин чанартай ч нүдэнд үзэгдэж, гарт баригдашгүй, зүйрлэн хэлвээс өвлийн цасанд хучигдсан тал дээгүүр нарны туяа хурцхан тусахад холоос эрдэнэ нуусан мэт гялалзах тусгал шиг...
Иймдээ ч өөрийгөө хайрлах хайрыг хамгийн ихээр өөртөө бий болгосон эмэгтэйчүүд тухайн цаг үеийн сэтгэлгээний хувьслыг авчирч байсан мэт надад санагддаг юм. Охид яагаад тэр үед өөртөө тийм итгэлтэйгээр хариулж байсныг харин одоо би ойлгох болсон... Яг л энэ эгшиглэж байгаа дуу шиг, дуу миний бодлыг батлах мэт уянгалан, аяар хөвөрсөөр би бодолд дарагдан явлаа.
Түүний уянгалаг хоолой, зөөлөн аялгуунд уяран, бодолд автан нэг л мэдэхэд зорьсон газраа ирчихсэн байлаа. Сайхан дуунд сэтгэл уяраад ч тэр үү тэр өдөржин амгалан явсансан. Бүсгүйн тархинаас гарч, сэтгэлээр хөглөгдөн аясаар чимэгдэн дуулсан тэрхэн дуу сэтгэлд минь амгаланг авчрах нь үнэхээр гайхалтай... Мэдээж шүү дээ гэж бодох зуураа нүүрэнд минь инээмсэглэл тодорч хацар минь өөрийн эрхгүй өргөгдөн инээж явлаа. Тийм ээ тэр дууг өөртөө хайртай эмэгтэй бүтээсэн шүү дээ...
Live fast, die young and play hard
2017.03.25
Comments
Post a Comment