Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо, угаас муу хүн эм өгсөн ч эндүүрч бүү хүрт

Өчигдөрхөн албан тасалгаандаа суугаад ажилд орохоор ирсэн хүмүүсээс асуулт асууж, анкет бөглүүлж суусан надад яагаад ч юм бэ аль хэдийнэ 20 гарчихсан хирнээ бусдаас суралцах зүйл их байна гэж бодогдлоо. Хүмүүс яагаад нэг нэгэнтэйгээ ярилцаж, харилцдаг вэ? Харилцаа байхгүй бол хүн төрөлхтөн өдгөө ямар түвшинд байхсан бол? Зэрэг бодол өнөөг хүртэл миний толгойноос гарч байсан нь үгүй билээ.Хүмүүсийн хамгийн анхны харилцааны хэлбэр болох үг ярианаас энэ бүхэн эхлэлтэй боловч чухамдаа тэр л ҮГ ЯРИА нь биднийг адгуус амьтнаас ялгах гол шинж мөнөөс мөн хэмээн ухаж суулаа.
Харилцааны мэргэжлээр 4 жил суралцаад эрдмийн зэрэг хамгаалчихсан, улаан диплом өвөртөлсөн мөртлөө бусадтай харилцаж сураагүй нэгэн байхад, номын дуу сонсоогүй, хар бор амьдралд өссөн атал бусадтай хэл амаа олоцож, хэнтэй ч сайхан харилцдаг нэгэн байдаг шүү дээ хэмээн бодогдов. ЯАГААД? Гэсэн асуулт мөн л миний өмнө тулгарчихав. Хүн хүний үзсэн зүйл, Туулсан амьдрал өөр өөр агаад тэрхүү ХАРИЛЦАА гээч зүйлийг амьдралын туршлагатай холбон тайлбарлаж болмоор санагдав. Энд мөн эцэг эхээс олж авсан хүмүүжлийг дурдахгүй өнгөрч болохгүй гэж санана.
Оскарт нэр дэвшсэн боловч кино шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ олныг дагуулсан “Ядуусын хорооллын саятан” /Slumdog millionaire/  кино миний ойд тэрхэн зуур зурсхийн ороод ирэв. Бага балчраасаа хатуу бэрхийг үзэн, шавартай гудамнаас хогийн цэг, зочид буудалд хүртэл амьдарч, амьдрахын төлөө бүхнийг хийн амьдарсан Жамал хүүгийн тухай өгүүлэх энэ бүтээлийг мэдэхгүй хүн ховор биз. Гэтэл боловсрол ч үгүй, мэдлэг ч үгүй тэр хүүг чухам ЮУ? Саятан болгов??? Олон олон эрдэмтэн, профессорууд ороод авч чадаагүй, хэний ч амьдралыг өөрчилж чадах их мөнгийг жирийн нэг Бомбэй хотын ажилчин залуу авч буй тухай энэ киноны үйл явдал өрнөдөг билээ. Гэтэл тэрхүү киноноос ойлгож авсан бас нэгэн зүйл бол хүн “хэн” байх, “ямар ажил хийдэг” байх, “ямар хувцас өмсдөг” байх нь түүнийг илтгэхгүй бөгөөд хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүйгээр үл барам хүн бүрийн туулсан амьдрал, үзсэн зүйл өөр өөр байдаг, түүнийг гаднаас нь мэдэх боломжгүй юм байна гэдэг байлаа. Тус киноны бас нэгэн зангилаа болох хууль сахиулах үүрэг бүхий цагдаа нэвтрүүлгийн оролцогч ядуу залуутай зүй бус харьцаж, ярихыг хүсээгүй зүйлийг яриулж, доог хийж байгаа хэсэг, мөн л өнөөх хэдэн асуултуудруу хөтлөв. Хэн хэнтэй, хэрхэн харилцдаг вэ????? Яаж харилцах ёстой вэ????  Чухам хүний өмссөн хувцас, өвөртөлсөн түрийвчнээс илүүтэйгээр хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгсээс тухайн хүний харилцаа хийгээд хэн болохыг тодорхойлж болох юм хэмээн мөн бодогдлоо.
Бас нэгэн өөр жишээ...
Номын дэлгүүрүүдээр явж ном худалдан авахаар очсон хэн боловч анзаарвал “Харилцааны сэтгэл зүй”, “Хэрхэн амжилттай харилцах вэ?”, “Албан харилцааны ёс зүй” гэх гарчигтай ном бүхий л номын дэлгүүрүүдэд олон тоогоор байдгийг анзаарсан биз. Гэвч миний анзаарснаар тэдгээр номнуудад БИЗНЕСМЕН-тэй хэрхэн амжилттай харилцах, хэрхэн баян хүнтэй, хөрөнгө оруулагчтай зөв зүйтэй харилцах вэ? Гэдгээс хэтэрсэн зүйл байсангүй. Яагаад тэд номондоо цэвэрлэгчтэй, барилгачинтай, гуталчинтай, жолоочтой, тогоочтой, манаачтай хэрхэн харилцах талаар бичээгүй хэрэг вэ? Тэдэнтэй яаж ч харьцсан болно гэж үзсэн хэрэг үү? Эсвэл зохиогчид тэдгээр хүмүүстэй огт харилцдаггүй хэрэг үү? Гэсэн асуултууд мөн л гараад ирчихэв. Тэд ч бас нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг, мөнөөх ХАРИЛЦАА гээчийн нэгээхэн нэгж бус уу? Ямар ч улс орны харилцаа, хүндэтгэлийн талаарх зохиол бүтээлүүдийг хөндвөөс эцэг эхтэйгээ, эгч, дүүтэйгээ, багштайгаа хэрхэн харилцах талаар бичсэн нь ховор боловч Монгол ардын сургааль, зүйр үгсэд олноор тусгагдсан байдагт нь бахдах сэтгэл төрсөн билээ. Магадгүй олон хүний эсэргүүцэлтэй тулгардаг олон янзын шашны номлолуудад тэдгээр орхигдсон ХАРИЛЦАА-ны талаар сургадаг нь дээрх асуулттай холбогдож болох юм хэмээн мөн бодогдсон юм.
Сайхан амьдралыг мөнгөтэй холбож, мөнгийг харилцах урлагтай холбож, харилцах урлагийг бизнестэй холбож болох ч дунд нь тэр бүхнийг холбогч жижиг элементүүдийг орхигдуулсан нь бидний нүдэнд тэр бүр тусдаггүй бололтой...
Хэн ч ерөнхийлөгч болж болно, гагцхүү ерөнхийлөгч ч гэсэн ээжээс, ааваас гарч хүн болдог юм гэсэн аавын минь хэлсэн үг энэхэн зуур толгойд минь буусан юм. Магадгүй чи хэн ч байж болно, хэдэн ч сургууль төгссөн, хичнээн орны хэл мэддэг байж болно. Гагцхүү бусадтай харилцахгүйгээр тэр бүхэн юу ч биш юм байна гэдгийг би тунгааж авлаа.
Амжилтанд хүрсэн олон олон хүний түүх, намтар зохиолыг сөхвөөс тэд өөр өөрийн замналыг туулдгаа туулсан бөгөөд тэрхүү туулсан амьдралдаа харилцаж үзсэн хүмүүсийг дурдсанаас харвал тэд нэг өдрийн талхаар тусалсан хүнийг ч үл орхигдуулсан байх агаад магадгүй тэдний амжилтын үндэс нь бяцхан тусыг ч том тусад тооцож чаддаг чанар байх хэмээн бодогдохын сацуу хичнээн жил өнгөрсөн ч тусыг үл мартан, тэднийг хүндлэн сэтгэлд нь хадгалагдан үлдсэн үл баригдаж, үл харагдах авч сэтгэлд нь оршсоор байх тэр л “ ХАРИЛЦАА” мөн хэмээн миний тархинд буусан юм...

Би амьдралаас алхам тутамдаа суралцсаар явна...

2014.05.17

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"