"МАЗЦҮ"

"Тухайтай үйлээ үйлдэлгүй      
Тусгүй өөр нэгийг үйлдэх нь  
Дорно зүг одох бөгөөтөл          
Довтлон өрнө зүг одох лугаа"
 Тодорхой толь            


... Арван дөрвөн настайдаа аавынхаа бичгийн ширээн дээр дэлгээтэй байсан эрдмийн ажил дээрээс энэ товчлолыг анх харж байсан билээ. Тодруулбаас "Би тэргүүтэй, дээл захтай сайн"  гэсэн үгний ард МАЗЦҮ хэмээн товчилсноор эхэлсэн байдаг юм.

      Дээрх товчлолыг анх хараад ойлгоогүй, гайхаж байснаа их сургуулийн оюутан болсон хойноо тэрхүү судалгааны ажлыг хуучин номнуудаа эмхэлж цэгцэлж байх үед олж, тэргүүн хэсгийг нь хараад багадаа харж байснаа нэг санан сонирхон гарчиглалаа. Тийм ээ! тэр эрдмийн зэрэг горилсон ажил байсан аж. Гэсэн ч тухайн үедээ утгыг нь бүрэн ойлгож аваагүй байсан юмдаг. Ямартай ч аавын тэр эрдмийн ажлаас нэн тэргүүнээ МАЗЦҮ гэх товчлолыг ойлгож авсан юм. Инээдтэй боловч эхний удаа харахдаа МАЗЦҮ-г хэн нэгэн хүн, өмнөх хашилтан дахь үгийг нь тэр хүн хэлжээ хэмээн бодож байсан бол хоёр дахь удаагаа тийн харахад учрыг нь мэдсэн би 14 настай байсан бяцхан охиныг бодон шоолох сэтгэл төрөн инээмсэглэн байлаа. Тэгэлгүй дээ "Монгол ардын зүйр цэцэн үг" гэдгийг л товчилж бичиж шүү дээ...

Номын амтанд орсон, уламжлал, соёлоо сайн мэдэх ямар ч Монгол хүн энэ үгийн товчлолыг төвөггүй мэдэхээр байж л дээ... 

Оюутан байхад логик, философи, түүхийн хичээл хамгийн сонирхолтой байдагсан. Сониуч зан хөдлөөд нэгэн өдөр түүхийн хичээлийн семинар дээр "Монгол ёс заншил" сэдвээр бэлдсэн зүйлээ ярьж дуусчихаад дээрх товчлолоо самбар дээр бичээд юу гэсэн үгийн товчлол болохыг хэлэх хүн байгаа эсэхийг ангид суугаа оюутнуудаас асуухад янз бүрээр хариулсан ч зөв хариултыг 30 гаран хүнээс нэг нь ч оновчтой таагаагүйг санаж байна...

Зүйр үг... бид бага балчир цагаас зүйр үгс сонсч, хэрэглэж өссөн. Хамгийн энгийн жишээ нь "Хүн ахтай дээл захтай" гэж өвөө эмээ сургаж, билэггүй мууг ярьвал "Амны билгээс ашдын билэг" хэмээн зэмлүүлдэгсэн. Бага ахуйдаа цээжлэх төдийхнөөр дүн авах гэж ашигладаг асан зүйр үгсийн утга учир нь үнэхээр сонин байжээ гэдгийг хорь гарсан хойноо саяхнаас л бага сагахан учирлаж, гадарлах болсноо ийн бичихээр энэ хүртэл уймарсан минь энэ....

         Үүнийг уншиж суугаа Монгол хүн та хичнээн Монгол ардын зүйр цэцэн үгс мэдэх вэ? Таны хамгийн дуртай зүйр үг юу вэ? Та хэд л бол хэдийг нэрлэж чадна байх...Та тэдгээр зүйр үгийн бүрэн утгыг нь харин мэдэх үү???

Энэ л асуултуудаас энгийн цөөн үгээр илэрхийлэгдсэн боловч гайхалтай утга, сургамж, ухаарал агуулдаг зүйр үгсийн үнэ цэнийг мэдэрч болох ажээ.


Жишээ 1. 
Та бидний дийлэнх нь "The Secret"номыг мэдэх билээ. Орчин цагт номыг нь уншаагүй юм аа гэхэд ТВ хичээлийг нь үзээгүй хүн цөөн биз. Өчигдрийн бодлоос өнөөдөр, өнөөдрийн бодлоос ирээдүйн үр дагавар бий болдгийг энэ номонд зааж, өгүүлдэг. Гэтэл уг зүй тогтлыг олон мянган жилийн тэртээгээс өвөг дээдэс минь олж хараад утгыг нь илэрхийлж, сургамжлан захихдаа "Амны билгээс ашдын билэг" гэсэн дөрөвхөн үгэнд багтаан үлдээжээ. Хичнээн гайхамшигтай гээч! Өөрсдийгөө бүхий л шинжлэх ухааны ноён оргил, дээд хязгаар хэмээн өргөмжлөх дуртай цагаан арьстнуудын 21-р зуунд л дөнгөж ярьж, анзаарч, зааж эхэлсэн тэрхүү "зүй тогтол"-ыг эцэг өвгөд маань нуршсан бүтэн ном товхимол, мэдээллийн хэрэгслээр биш дээрх дөрөвхөн үгэнд багтаан үр хойчдоо өвлүүлснийг "гайхалтай" гэхээс өөр юу гэх билээ... /Магадгүй гайхалтай гэдэг тодорхойлолт ч бүрэн илэрхийлж чадахгүй биз/

Жишээ 2.
Одоогоос сарын өмнө шинэ жил дөхсөн үеэр яаруухан явахдаа замын хажуугаас такси барихаар зогсож байтал цагаан өнгийн суудлын тэрэгтэй эхнэр, нөхөр хоёр зогссон юм. Эхнэр нөхөр хоёрын байдлыг харваас дөч нилээн гарсан хижээл насны бөгөөд энгийн сайхан яриатай эелдэг хүмүүс байж таарав. Замын хөдөлгөөн их, түгжрэл дунд зогсох зуур радиогоор тааварт нэвтрүүлэг явж байлаа. Нилээн хэдэн асуулт өнгөрч бид гурав ч харилцан ярилцан тааж явлаа. Тэр дундаас нэг асуултыг би яагаад ч мэдэхгүй байсан нь "Морины насыг юугаар нь мэддэг вэ?" гэх асуулт байсан юм. Гэтэл өнөөх ах "шүдээр нь ш дээ" гэлээ. Би гайхаад "Шүдээр нь ээ?" гэтэл "Тийм ш дээ энийг мэдэхгүй Монгол хүн гэж байдаг юмуу" хээх гээд чангаар инээх нь тэр... Тэр мөчид гайхах, ичих, сониучирхах сэтгэл давхцаж, өдий насны Монгол хүн байж ийм зүйл мэдэхгүйдээ өөрөөсөө ичин байв. Гэхдээ тэр ахад, тэр нэвтрүүлэгт баярлах ёстой шалтгаан нь би "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгийн утгыг ойлгож авсанд байлаа. Мэдэхгүй зүйлээ мэдэж авсандаа, тэр үгийг өмнө нь тоогоо алдтал сонссон ч утгыг нь ойлгодоггүй байж агаад утгыг нь ойлгосондоо ч тэр үү сэтгэл баясч, бас ч үгүй өмнөх өдөр нь найздаа бэлэг өгөхөд найз үнийг нь асуугаад байхаар нь "Чи яагаад бэлгийн морины шүдийг нь үзээд байгаа юм?" гээд учрыг нь ч олоогүй байж хэлснээ бодоод өөрийгөө дотроо шоолон, гаднаа мушилзан инээж байлаа....


Өвгөдийн ухаан, ардын амьдралын хэв маяг хичнээн гайхалтайг аавынхаа бичсэн 5 үсэгнээс эхлээд өнөөг хүртэл гайхан бишрэх нь барагдашгүй бөгөөд насан туршдаа санаж, суралцах ёстойг би ийн ойлгохын сацуу хамгийн сайхан, агуу утга цөөн үгээр илэрхийлэгддэг болохыг сурч авсан юм. Харин та ямар зүйр үг мэдэх вэ? 

"Түмэн үгийг хэлтэл 
Төв нэгийг гаргагтун
Түмэн үгийн төв нэгэн
Зуун үгийн янз нэгэн буй"  

2016.01.18

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс