Канад бүсгүйн инээмсэглэл
Шилэн аяган дахь кофены шаар, элсэн чихрийн холимогийг хутгангаа “Бид нэг л дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Тийм байхад би зүгээр сууж чадахгүй, дэлхийгээр тойрч өөрийн хийж буй зүйлээ бусадтай хуваалцмаар байна” гэж хэлэхэд Канад бүсгүйн нүүрэнд инээмсэглэл тодорч байв. Бүсгүй кофег гуужуулагч, зөгийн балыг вакс, цэцэгсийг бальзам болгодог байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг бөгөөд энэ удаад Монгол бүсгүйчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа нь энэ.
Гадаад харилцааны яамны баруун талд байрлах “ICC tower”-т гарааны бизнес эрхлэгчдийн очих дуртай нэгэн газар бол Club coworking. Өндөр барилгын 13-р давхарт байрлах уг газраас төв талбай, Blue sky, Central tower зэрэг газруудыг тольдож болох бөгөөд төв талбайгаас 5 минут орчим алхаад хүрэх зайд байрладаг тул гаднаас ирсэн бизнесменүүд Монголд байх хугацаандаа энд сууж ажиллах дуртай. Жонна бол тэдний нэг бөгөөд өвлийн хүйтэн өдрүүдэд дулаан танхимд халуун дарс шимэнгээ, кофены гуужуулагч хийх сургалтыг санаачлан, зохион байгуулж буй тул хацар хайрсан өвлийн өдөр ICC tower-г зорилоо.
13-р давхарт гарахад өвлийн хүйтэн өдрөөс тэс өөр халуун виноны үнэр ханхийсэн танхим угтав. Танхимын хойд хэсэгт байрлах сурагчийн ширээг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх модон ширээн дээр сургалтад хэрэглэгдэх кофены шаар, элсэн чихэр, чидун жимсний тос, нимбэгний хальсны үйрмэг зэргийг эгнүүлэн тавьжээ. Сургалтын өмнө Жонна бидэнд компанийхаа цаашдын зорилгыг танилцуулаад, “Кофейн гуужуулагчаар нүүрнийхээ арьсыг гуужуулаад 8 жил болж байна” гэхтэй нь зэрэгцэн түүний арьсыг харвал маш толигор, ямар нэг нөсөө, сэвх үгүй байлаа.
Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компани гуужуулагчийг гуужуулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 40-50 хувьд нь пластик бөмбөлгүүдийг хийдэг байна. Тэдгээр бөмбөлгүүдийг хийхийн тулд үйлдвэрүүд хуванцарыг ахин боловсруулж, гоо сайхны бүтээгдэхүүнд хийдэг ч 10-20 жил ийм төрлийн гуужуулагч хэрэглэхэд арьсны хавдар үүсгэх эрсдэл 20-25 хувь байдаг аж.
Жоннагийн өмнөтгөл яриа дуусч бид гуужуулагчийн орцыг өрж тавьсан ширээг тойрон суулаа. Хамгийн чухал орц бол кофены шаар бөгөөд хэрэв гэрт тань кофены чанагч байдаггүй бол дурын кофе шопоос очоод авчихаж болдог тухай энэ үеэр хэлэв. Сургалт эхэлж бид синнамонтой, чидун жимсний тостой, эфирийн тостой гэсэн сонголттой 3 өөр төрлийн гуужуулагч хийхээр багт хуваагдаж, Жоннагийн бэлтгэсэн 2 кг орчим кофены шаарыг 3 шилэн тавганд хуван орцуудаа ялгаж авлаа.
Ингээд бид гуужуулагч хийх үндсэн ажилдаа орлоо. Кофены шаарыг сайтар хатаасан байх хэрэгтэй бөгөөд энэхүү шааран дээр элсэн чихрийг нэмнэ. Харьцааны хувьд кофе нэг аяга хийсэн бол хагас аяга элсэн чихэр буюу 2/1 харьцаатай. Элсэн чихэр нь усанд уусч, гуужуулагчийн гулгах чадварыг нэмэгдүүлдэг байна. Үүний дараа өөрийн хүссэн сонголтоор анхилуун үнэртэй тос /essential oil/ нэмж болно. “Ингэснээр таны арьсанд тааламжтай үнэрийг үлдээх болно” гэж Жоннаг хэлэхэд бид нэгэн зэрэг тосоо үнэрлэн инээлдэв. Дараагийн алхам бол өөрийн сонгож авсан, өөрт харшилдаггүй тосыг нэмэх юм. Ингэхдээ арьсныхаа онцлогт тохируулах нь зүйтэй гэнэ. Хэрэв та хуурай арьстай бол тос болон хуурай холимогийн харьцааг тэнцүү тааруулах хэрэгтэй, ингэснээр үрэлтэнд арьс тань гэмтэхгүй. Харин тослог арьстай бол холимогийг дөнгөж барьцалдуулах хэмжээтэй тос хийвэл зохимжтой. Ингээд бэлэн болсон гуужуулагчаа тагтай саванд хадгалах бөгөөд арьсаа чийгтэй байх үед нь тохирох хэмжээгээр авч, гуужуулан хэрэглэнэ.
Амархан бөгөөд маш хэрэгтэй сургалтын үеэр оролцогчид бие биетэйгээ найрсаг яриа өрнүүлэхэд бүгд кофенд дурлагчид байсан бөгөөд “эко хэрэглээг өөрийнхөө хоббиноос авах боломжтой боллоо” хэмээн бүсгүйд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Танхимд 60-аад оны классик дуу эгшиглэн, оролцогчид өөрсдийн хийсэн гуужуулагчийг саванд хийж авлаа. Арга хэмжээний цаг өндөрлөж, бид Жоннад талархсанаа илэрхийлэн танхимыг орхив. Нэг давхарт буугаад өндөр цамхагийн хаалгыг түлхэн гарахад жавар хайрах ч Канад бүсгүйн сайхан инээмсэглэл, халуун дарстай хоршин хацрыг минь бүлээцүүлж байлаа.
jhjhjhjhjhj
ReplyDelete