Би чиний нэрийн өмнөөс...

Шүүх хуралдаан дуусахад шүүгч шийдвэр уншиж сонсгохдоо "Монгол улсын нэрийн өмнөөс...." хэмээн эхлүүлэхэд оюутан байхдаа ихэд гайхаж билээ. Энэ шүүгчийн ажил биз дээ? гэж ч тухайн үед бодогдож байсан санагдана. Энэ л үеэс хүн амьд ахуй хугацаандаа хэзээ ч дан ганц өөрийн нэрийн өмнөөс амьдардаггүй юм байна гэдгийг ойлгож билээ. 
Угтаа шийдвэрийг шүүгч гаргаж байгаа боловч шийдвэрийн үндэслэл нь Монгол улсын хууль буюу Хууль тогтоох эрх мэдлийн байгууллага /төр/-н баталсан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгож буй тул хувь хүний биш төрийн шийдвэр юм гэдгийг ийн тодотгодог. Яг үүнтэй нэгэн адилаар бид амьдрал, ахуйдаа ганцхан өөрийн нэр, хар толгойн өмнөөс нийгмийн харилцаанд оролцдоггүй аж. Мэдээж хувь хүн, бие хүн гэх ойлголтууд философийн категори болохын хувьд өөр утга, агуулгатай байтал яагаад насан туршдаа хувь хүн өөрийн нэрийн өмнөөс амьдардаггүй гэж? та асуух байх. Тайлбарлах гэж оролдъё. 

НЭГ. Би төрлөө. Хэний хүүхэд вэ?
Төрсөн цагаас би шууд өөрийн нэрээр амьдраагүй байх юм...
Аавынхаа нэрээр, ээжийнхээ нэрээр төржээ. Мэдээж хувь хүн болохын хувьд надад нэр өгсөн. Гэхдээ хүмүүс тэрний хүүхэд, танай охин гэж ярих нь элбэг. Энэ үеэс эцэг, эхийнхээ нэрийн өмнөөс амьдарч эхэлжээ. Төрсний гэрчилгээн дээр аав, ээжийн нэр байдаг учир Монгол улсын иргэн таны нийгмийн байдал тэдэнтэй салшгүй холбоотойгоор тодорхойлогдох учиртай аж. Жишээ нь: Намбарын Энхбаяр, Эрдэнийн Бат-Үүл /улс төрчдөөр жишээ авсан бол уучилж, ойлгоорой/ эдгээр хүмүүсийг төрмөгц нялх хүүхдийн хэн бэ? гэдгийг хэн таних билээ. Намбарын хүү, Эрдэнийн хүү гэх нэр тэднийг одоо хүртэл дагаж явдгийг харвал хүн төрсөн цагаас өөрийн нэрийн өмнөөс амьдардаггүйг гэрчилнэ. Төрсөн цагаас насан туршид эцгийн, эхийн нэр дагаж явдаг тул бид насан туршдаа эцэг, эхийн нэрий өмнөөс аж төрдөг гэхэд хилсдэхгүй гэмээр...

ХОЁР. Би алхаж эхлэв. Хэн намайг түших вэ?
Төрсөн цагаас идэж, хайр энхрийлэлд өсөн өндийсөөр би алхаж сурлаа. Нэг алхаад бүдрээд уначихав. Хоёр алхаад ширээ мөргөх шахав. Энэ үед хажууд зогсох эмэгтэй "Хөөе хэн ээ охин нь уначихлаа. Босгоорой" гэж аавыг, эсвэл ээжийг дуудна. Өөрийнх нь хүүхэд тул аав, ээж  маань л ирж босгоно.  Хувь хүнд /хүүхдэд/ шууд хандаж хэлэхээс урьтаж ээжид, аавд тухайн үйлдлийг харж буй хүн хэлж байна. Миний, бидний үйлдэл эцэг, эхийн минь нэртэй холбогдож эхэллээ. Гэсэн ч алхаж байгаад унавал "нэрийнх нь өмнөөс" амьдарч байгаа тул тэд л намайг, чамайг босгох учиртай ажээ. 

ГУРАВ. Би уншиж сурлаа. Хэн зааж өгсөн бэ? 
Сургуульд орохоос урьтаж ээж минь үсэг зааж өглөө. А, Б, В үсэг бас тоо заалаа 1,2,3 нэмэх, хасах, хаалтаас гаргах гээд 2-р анги хүртэлх бүх хичээлийг зааж өгөв. Сургуульд ороход үсэг заалаа, "Би мэднэ. Шууд уншиж эхлэв", багш "Хэн зааж өгсөн бэ?" "Манай ээж". Би үсэг сурснаар хэний нэрийн өмнөөс сурсан зүйлээ үзүүлж байгааг анзаарвал ээжийнхээ "нэрийн өмнөөс"...
Хэрэв буруу уншвал "Ээж чинь ингэж зааж өгсөн юм уу?" гэх учир би ээжийн нэрийн өмнөөс буруу унших ёсгүй болчихов. Би ээжийн нэрийн өмнөөс сурч байгаа юу? эсвэл аавын нэрийн өмнөөс үү? Муу сурвал аавыг, ээжийг дуудаж багш загнах учир аавын, ээжийн нэрийг хичээх хэрэг энэ үеэс гарчээ.

ДӨРӨВ. Би бүлэгт харъяалагдаж эхэллээ. Хэдийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
Сургууль дотор явж байвал 4Г ангийн сурагч нэртэй тул хичээлийн цагуудад би ангийн нэрийн өмнөөс, буруу зүйл хийх эсвэл бүр сайн гойд дүн авах, олимпиад уралдаанд түрүүлвэл ангийн багшийн нэр гарах учир тэдгээрийн нэрийн өмнөөс 10 жил амьдрах нь...
Сургуулиас гараад улсын хэмжээний тэмцээнд орвол би сургуулийнхаа нэрээр дуудагдана. Гавъяа байгуулсан ч, гай тарьсан ч эцэг, эхээс заяасан нэрний минь урд сургууль, анги, ангийн багшийн нэр орж байх тул тэр бүх хугацаанд би тэдний нэрийн өмнөөс амьдарч гэж үзэж болох нь ээ...

ТАВ. Би дунд сургуулиа төгслөө. Хэн санаа тавих вэ? 
Ерөнхий мэдлэг, зан хандлагаа дунд сургуулиас олж авлаа. Айлын олон хүүхдүүдтэй хэрхэн харилцах, найзалж нөхөрлөх, хэрхэн бусдыг хайрлах, хүндлэхийг сургуулиас сурлаа. Ээж, аавын өгсөн хүмүүжил дээр эдгээрийг нэмж авснаар хэн болохоо олох гэж хичээсээр арван жилийг ардаа үджээ.
Одоо хэн болох вэ? цаашид хэн байх вэ? гэдэг сонголтын өмнө ирсэн байна. Энэ бүхний ард хэн санаа зовдог вэ? бас л ээж, аав. Хамгийн түрүүнд хүүхэд маань хэн болох вэ? гэдэг нь хамааралтай бол дараагийн дугаарт энэ хүүхэд шалгалтаа амжилттай өгөх үү? их сургуульд орох уу? гэдэгт багш тань санаа тавьж байдаг. Хэрэв сайн бэлдэж, хүссэн сургуульдаа дээгүүр байранд орвол төгссөн сургууль, сургасан багш, эцэг, эхийн чинь нэр гарах тул энэ удаа ахин тэдний нэрийн өмнөөс "сайн" байхаас өөр сонголт чамд, надад, бидэнд үгүй мэт.
Гэвч энэ үед адын нэгэн бодол араас хатгах нь "Би одоо бие хүн болсон" гэх бодол байх авч бодит байдал дээр "бие хүн"-ий чадваргүй байсаар л...
Энэ үед чи өөрийн хар толгойн өмнөөс амьдарч эхлэх чадваргүй хэвээрээ байна. Сургалтын төлбөрийг ээж, аав төлнө, орон нутгийн оюутнуудын хувьд аймаг, сумынх нь нэр дурдагдана. Эчнээ санаж байгаагаар оюутан ахуйд багш маань нэгэн аймгийн хүү сургуулиа орхисны дараачаар "Энэ ....... аймгийнхан угаасаа сурч чаддаггүй юм" гэж хэлж байсныг би тодхон санаж байна.
Хэдий бие хүн болох үе нь эхлээгүй ч тийм болоход шаардагдах үе шатыг чи энд туулна гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Газар, газраас ирсэн хүмүүсээс бүрдсэн энэ орчин 10 жил хамтран сурч, найзалж байсан орчноос өөр агаад олон аавын хүүхдүүдтэй өрсөлдөж, үлдэх гэдэг тэмцэлд сургажээ. Ааш, аяг өөр, бодол санаа өөр /орчин өөрчлөгдөхөд хүний зан араншин тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас ч хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг/ тул эндээс нэгдүгээрт дасан зохицох чадварыг олж авах ёстой аж. Хоёрдугаарт өрсөлдөх чадварыг энэ л үед олж авахгүй бол хожим өрсөлдөөнд бүдрэхгүй гэх баталгаа үгүй. Гуравдугаарт энэ газраас олж авах хамгийн үнэт зүйл бол хүндлэл хийгээд хөдөлмөрөө зүй ёсоор үнэлэх, үнэлүүлэх чадварууд хэмээн тодотгож болох мэт...
Энэ бүхнийг чи, би, бид их сургууль гэх нэртэй газраас үнэтэй болон үнэгүй нэгэн зэрэг суралцаж байдаг. Энэ бүхнийг дурдах, суралцах шаардлага нь энэ газарт чи бас л шууд өөрийн нэрээр амьдрахгүй, төгссөн дунд сургууль, эцэг, эх, нутаг усны нэр чамайг дагаж яваа гэдгийг энэ үед умартаж үл болох зурвас үе.

ЗУРГАА. Дээд боловсрол эзэмшлээ, ямар сургууль төгссөн бэ? 
Дээд боловсрол эзэмшсэн энэ цаг үеэс одоо л өөрийн нэрээр амьдрах цаг ирсэн мэт санагдаж эхлэв. Гэтэл төгссөн сургуулийн нэр нуруун дээр минь хадаастай явааг ажил горилох үед олж мэднэ. Ямар сургууль төгссөн чинь нэн чухал агаад, дараачийн дугаарт ямар чиглэлийг чи дагнан эзэмших нь ажил олгогчид нэн чухал аж. Чухамхүү өнгөрсөн хугацаанд дээрх асуултуудад өөртөө хариулт олж чадаагүй бол төгссөн сургуулийнхаа нэрийг хөөдөх нь тэр.
Сайнаар болож гайгүй ажилд ороод, сайн ажилласан ч муу ажилласан ч сургуулийн чинь нэр дурдагдах тул хичээх хэрэгтэй гэдгийг ухамрсарлана. Цаашилбал муу ажиллавал харьяалах газрын, албаны, шууд удирдлагын нэр чиний нэрний хамт дурдагдахыг харвал бас л зөвхөн өөрийн нэрийн өмнөөс амьдраагүйгээ олж харна....

ДОЛОО. Хайртай хүнтэйгээ гэрлэлээ. Хэний эхнэр/нөхөр вэ?
Хэнийг ч хайрласан бай тэр нэгэн дэргэд чинь буй бол түүний нэртэй чиний нэр төр салшгүй холбогдоно. Энэ үеэс албан тушаал, боловсролын зэргээс үл хамааран өөрийн ханилсан хань, хайрласан хүнийхээ нэр төрийг өөрийн нэрийн хамт өндөрт өргөж явах, өндөрт өргөхгүй гэхэд уруудаж муутгахгүйн тулд бас л "хичээх"-ээс өөр сонголт бидэнд байхгүй болно...

НАЙМ. Үр хүүхэд мэндэллээ. Хэний эцэг/эх вэ?
Орчлонд төрсөн цагаас өөрийн нэрийн өмнөөс үл амьдрагч нэгэн үр хүүхэдтэй болоход чиний нэрийн өмнөөс амьдрах хүнтэй боллоо. Энэ зурвас үеэс бүр мөсөн алдах, алдуурах, ухрах, эсвэл шантрах, муу нэртэй байх эрх бүр мөсөн үгүй болжээ. Учир нь чиний нэр төрөөс бяцхан түүний нэр шууд хамаарах учир хамгийн сайнаар хичээхээс өөр сонголт үгүй...
Чухам одоо л өөрийн нэрийн өмнөөс түүний өмнө чи хариуцлага хүлээж, ирээдүйг нь өнгөлөх цорын ганц итгэл найдвар нь юм гэдгээ ухаарах болно. Тэр бяцхан ертөнц том болсон ч чиний нэрээр овоглож, насан туршид нэр чинь дагаж явах тул насан туршдаа "чиний нэрийн өмнөөс" нэгэн зүрх цохилох юм...
Үр хүүхэд нас биенд хүрч бие хүн болоход нийгэмд эзлэх байр суурь "чиний хэн байхыг" тодорхойлно. Сайн, муу аль нь ч байсан "хэн"-ий хүүхэд гэдэг нь хорвоод түүнийг тодорхойлно. Яагаад гэвэл тэр "чиний нэрийн өмнөөс" ертөнцийн тоосыг хөдөлгөж яваа чиний үргэлжлэл....

ЕС. Би нас нөгчлөө. Тэр хэн байсан бэ? 
Жам, ёсоор он цаг шувтарч насан эцэслэхэд ертөнцөд хэний үр хүүхэд, хэний эх эцэг байсныг чинь хүмүүс дурсан санагалзах тул төрснөөс эхлээд үхэх хүртэл чи хэзээ ч "өөрийн нэрийн өмнөөс амьдраагүй"-г туулсан амьдрал чинь хорвоод гэрчилнэ.

Төрснөөс эхлээд чи "тэдний нэрийн өмнөөс" амьдрахдаа гудамжинд өнгөрөх танихгүй хүний өмнөөс ч амьдарсан байж мэднэ. Бид бүгд ертөнцөд өөр, өөрийн учир шалтгаан, орон зай, шалтгаант холбоонд оршин байдаг учир хэн нэгний амьдралд чи өөрийн мэдэлгүй ямар нэг зүйл авчирч байдгийг мэдвэл хөнгөхөн инээмсэглээд "Би чиний нэрийн өмнөөс" юу хийсэн бэ? гэдгийг эргэцүүлж нэг бодоорой...

2019.02.13











Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"