Heels
Ямар ч тохиолдолд өсгийтөө битгий тайлаарай....
...Зангирсан хөлний булчин алхааг минь удаашруулан аргагүй такси барихад хүргэв...
Хол биш хирнээ бас ойр биш энэ хэсэгхэн газарт алхах нь хялбар байх ч өмнөх өдөр нь өдөржин өсгийттэй уначихгүйг хичээн явсаар хөлийн булчин зангирсан тул хол явуулсангүй.
Цасанд дарагдсан дороо мөстэй гантиган явган хүний зам дээр өсгийттэй нэгэн бүсгүй арай гэж тэнцэж ядан ойр ойрхон гишгэлэн алхална... Эвгүйхэн гишгэчихвэл хальтирч унах, бэртэж магадгүй харагдана. Эмэгтэй хүн юм болохоор түүнд ямаршуу байгааг ажиж, "Ээ уначихвий дээ" гэж зовнин зовнин харлаа.
Бодол сарниагүй ахуйд өнөөх хүүхэн уруу зассан замын чулуун дээр хальтирч гулган унахыг таксины жолооч харчихаад "Эээээ энэ хүүхнүүд хөхөө өвлийн хүйтнээр хэндээ сайхан харагдах гэж ийм нарийхан юман дээр доёгонож явдаг байна. Хөгшин азарга жороо сурав гэгчээр их л сайхан амьтан юм байх гэсэн, хөгшин хүүхэн л байна ш д. Энэ авгай энэ өндөр юмаар үлийгээ хийнэ! Хөгширчихөөд айлгүй гэж..." гээд л бүдүүлэг авираараа толгойд орсон ядмаг бодлоо эвгүй үнэртсэн амаараа шүлс цацруулан бахархалтайгаар хэлэх...
...Ирэх ёстой газраа ч ирлээ. Мөнгөө төлчихөөд орох ёстой газарлуугаа орохоор мөнөөх гантиган зам дээгүүр уначихгүйг хичээн хөлөө чирсээр явж орлоо...
Үүнээс хойш 2 хоногийн дараа өсгийтөө өмсөөд ажлын дараагаар хуучны танилтайгаа уулзлаа. Уулзаад удаагүй байснаа босч явмагц гутлыг минь харснаа "Өө Ариун минь хар хүйтэнд юун өндөр өсгий вэ. Хальтраад үхчихдэггүй юм уу" гээд л нэг их уулга алдав.
Үнэн хэрэгтээ өвөл нарийн өсгийт өмсвөл цасанд шигдээд гулгадаггүй, алхаагаа цэгнэж явах шаардлагатай учраас даардаггүй гэдгийг өмсдөггүй хүмүүс үл мэднэ...
Бүсгүй хүний туулах зам мөр яг л өсгийт шиг.
Сайхан харагдсан өндөр өсгийтийг дурлан дурлан аваад өмсөөд явахад ямар ч брэнд байсан өсгийт хөлийг холгосон ч сайхан гутландаа сэтгэл ханаж цэх явдаг нь амьдралд хүн хүсч хүлээсэн сайхан зүйлдээ хүрэхийн цагт түүнийгээ дааж явахад тэр хэмжээгээр хариуцлага, зовлон ирдэг шиг,
Хөлд эвтэйхэн өсгийтөө удаан өмсөж байхыг хүсдэг нь жаргалтай мөчдөө үргэлж байхыг хүсдэг шиг...Заримдаа өсгийт холгодог бол амьдрал ч биднийг холгодог, олон хүмүүс шарх үлдээдэг ч ахиад л өсгийтөө өмсдөг шиг эргээд л тэмцэл, өрнөл рүү ханцуй шамлан, хөмхий зуун ордог.
Тэр замнал дотор дэгэнцэж, догонцож, тэнцвэрээ барихуй дор таксины жолооч, танил шиг хүмүүстэй олон л таарлаа. Дэгэнцэж, тэнцвэрийг олж ядан явахдаа шатны гишгүүр, бамбай хийх гэсэн олон ч хүнтэй таарч, тэдний хаалт бамбай, хана хэрэм болсон доо. Гэсэн ч зогсолтгүй урагшлах цаг хугацааны ачаар тэдгээр хүмүүс үзэгдээд өнгөрөхөөс үлдэж хоцордоггүй нь юутай сайшаалтай...
Өөрт тохирох, хөлд эвтэйхэн явахад хялбар өндөр өсгийтөө олох хүртлээ холгодог, холхинодог, томддог, барьдаг янз бүрийн л өсгийт өмсөх шаардлагатай. Хамгийн гол нь тэдгээр өвдөлт, холголтыг мэдрэхгүйгээр зөвийг нь олж чаддаггүй юм. Тэр бүхэн бидний туулдаг бэрхшээл, таашаал, сэтгэл гонсойлттой л адилхан зүйлс...
Ээж минь надад өсгийт өмсөхийг заасан, гантиган замаар явж байгаад бүдэрч унасан өсгийттэй эмэгтэйг түшиж босгохыг, хэрхэн гантиган зам дээр халтирахгүй явахыг бас заасан.
Зун, намар, хаварт өсгийт эвтэйхэн асуудалгүй, харин өвөл халтиргаа ихтэй тул хэцүү болдог, гэхдээ... өвөл нарийн өсгийт өмсвөл цасанд шигдээд гулгадаггүй, алхаагаа цэгнэж явах шаардлагатай учраас даардаггүй юм....учир нь нэг л өвлийг давчихвал бусад бүх өвлийг өсгийттэй эмэгтэй хялбархан давдаг юм.
Ямар ч үед өсгийтөө бүү тайлаарай. Тэд эмэгтэй хүнийг урьд урьдынхаас илүү хүчирхэг болгодог юм....
2020.01.07
Comments
Post a Comment